Түүхийн хичээл дээр
шинэхэн багш сурагч хүүгээс” Рейхстагийг хэн авсан
бэ?” гэв.
Сурагч,” Би аваагүй гэлээ”.  Багш уурлан эцэг эхийг нь дуудуулав.
Хүүгийн
аав,” Манай хүү тэрийг чинь аваагүй л гээд байна даа”. Энэ үеэр
захирал орж ирэв.
Гайхширч уурлах зэрэгцсэн багш, “Захирал аа!
Рейхстагийг хэн авсан бэ гэсэн чинь эцэг нь ч хүү нь ч би аваагүй гээд
байх юм”гэж гомдоллоо. Харин захирал, “Хүү аваагүй юм бол тэгээд хэн
авсан болж байна аа? 5Б ангийнхан юм болов уу?” гэсэн гэдэг.
Энэ
онигооны сэдэв болсон Рейхстаг бол ХБНГУ-ын парламент Бундестагийн
ордон гэдгийг уншигч та андахгүй биз ээ. Харин бид түүний түүхээс бяцхан
өгүүлэх гэж байна.

Рейхстагийг барих шийдвэр анх 1871 онд гарчээ. Тухайн үед Германы нутаг дэвсгэр нь эзэн хаант засаглалтай байсан бөгөөд улсын эрхийг  Виллъям I, Отто фон Бисмарк  эзэн хаан барьж байв. Түүний засаглал доорх парламент болох Рейхстагт тохирох байр олдохгүй,  байрлаж байсан байшингуудын хурлын танхим нь олон гишүүд нэг дор цугларах үед хэмжээний хувьд хэт жижигдэж байсан учир эзэн хаан болоод Рейхстагийн тэргүүлэгчид зөвлөлдсөний эцэст парламентад зориулсан том ордныг барихаар шийдэцгээж Германий өнцөг булан бүр дэх уран барилгач нарын дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулалт явуулав. 1872 онд болсон энэхүү сонгон шалгаруулалт нь ганцаар дуусаагүй юм. Түүхэн урт хугацаанд Рейхстагийн ордонд нилээд хэдэн удаа сонгон шалгаруулалтыг зохион байгуулж ялагчийг тодруулсан билээ. Ингээд бүтээлээ ирүүлсэн 103 уран барилгачдын дотроос нэг бүтээлийг нь тодруулсан боловч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод  барилгын ажил эхлэлгүй бараг 10 жилийн нүүрийг үзсэн байна. Барилгын санхүүжилтийн асуудал Виллъям I хаан болоод парламентийн гишүүдийн дунд өрнөдөг халуун маргааны сэдэв байлаа. Урт удаан хугацаа алдсаны эцэст 1882 онд дахин сонгон шалгаруулалт явуулж, уралдаанд бүтээлээ ирүүлсэн 189 уран барилгачдын дотроос Франкфуртын архитекторч Пол Валлотын загвар түрүүлж, түүний зураг төслөөр Рейхстагийн ордныг барих болжээ. Харамсалтай нь ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсан  Виллъям I хаан барилгын ажил бүрэн дуусах мөчийг үзэж чадалгүй таалал төгссөн байна. Түүний залгамжлагч болох Виллъям II хаан нь парламентийн засаглалд хэзээний дургүй хүн байсан учир барилгыг ашиглалтад оруулахад нилээдгүй саад тотгор болж байв. Гэвч Рейхстагийн ордон анхны хувилбараараа 1894 онд баригдаж дуусч, түүний уран барилгын хийц загвар нь, ялангуяа хагас бөмбөрцгөн хэлбэртэй шил ба төмрөөр хийгдсэн капола дээвэр нь шагшигдан гайхагдлаа. 1916 онд ардчилалын бэлэг тэмдэг болгон эртний шашны сургаалын хэсгээс “Германы ард түмэнд хандсан үг”-ийг ордны өмнө талын нүүрэнд сийлсэн нь эзэн хааны зэвүүцлийг ихээр хүргэсэн гэдэг.

Дэлхийн I дайн дууссаны дараа Герман орон даяар хувьсгалын их шуурга шуурч эзэн хаан Виллъям II хаан ширээнээсээ буув. 1918 оны 11 сарын 9нд Филип Щейдиман Рейхстагийн ордны нэгэн тагтан дээрээс нийт германчуудад хандан парламентийн засаглалтай Ваймерийн Бүгд Найрамдах Улс байгуулагдсаныг зарлан тунхаглаж байлаа. Ваймерийн парламентийн танхим нь Рейхстагийн ордонд байрлах болсон бөгөөд өмнөх засгийн үеийн нэршлийг хадгалсаар байв. Гэвч Ваймерийн засаглалын сүүлийн 12 жилд  улсын парламент бараг хуралдсангүй. Цөөн хэдэн удаа зарлан хуралдуулахдаа Рейхстагийн танхимд биш түүний эсрэг талд байрлах хуучин дуурийн театр байсан,  Кроллоперийн байшинд явагдсан юм.

Рейхстаг шатаж байна! 1933 оны 2 сарын 27 өдрийн оройн 21:25 цагт Рейхстагийн ордон шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авсан Берлин хотын гал сөнөөгчид аюулын дохиогоо хангинуулсаар түймрийн голомт руу яаравчлан очлоо. Үнэндээ энэ дохио нь үүнээс хэдхэн жилийн дараа дэлхий дахиныг хамаран дэлдсэн аюулын харанга байсан билээ.  Гал сөнөөгчид болон цагдаа нарыг парламентийн ордонд яаравчлан ирэхэд барилгын гол хэсэг бараг бүхэлдээ галд авалцсан байв. Цагдаа нар шуурхай эрж хайсны үр дүнд байшингийн дотроос нэгэн нүцгэн залууг олсон нь хожим Рейхстагийг түймэрдсэн хэрэгт буруутгагдан цаазлуулсан, германы коммунист намын гишүүн Мариниус Вандэр Лүббэ байсан юм. Тэрээр саяхан Берлинд ирсэн, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй нэгэн байсан  ба 25 нас ч хүрч  амжаагүй байсан гэдэг. Түүнтэй хамт уг хэрэгт болгар гаралтай өөр 4 коммунистыг буруутгасан байна.
Тухайн үед Ваймерийн Бүгд Найрамдах Улсын Концлерийн тангараг өргөөд удаагүй байсан Адольф Гитлер уг хэрэг явдалд шууд коммунистуудыг буруутгаж, тэдний үйл ажиллгааг яаралтай үндсээр нь таслан зогсоох хэрэгтэй хэмээн ерөнхийлөгч Пол фон Хайндэнбургийг турхирч байв. Үндсэн хууль, хүний эрхийг уландаа гишгэсэн Гитлер гал түймрийн хэргээр дөрөөлж коммунистуудыг хоморголон баривлах ажиллагааг явуулж, комментерний үйл хэргийг илтэд няслан дарж байлаа. Төд удалгүй парламентийн танхим дахь коммунист намын төлөөлөгчдийн суудал хоосорч, нөхөн сонгуулиар Гитлерийн намынхан ялалт байгуулж, өөрсдийн хүчийг зузаатгах боломжийг бүрдүүлж байв. Ингээд 1933 оны 3 дугаар сарын 23-нд герман улс Нацистийн сүр хүчийг бүрэн хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бол Ваймерийн Бүгд Найрамдах улсын төгсгөл байлаа.

Нацистууд түймэрт өртсөн Рейхстагийг сэргээн засах гэж төдий л яарсангүй. Хэдийгээр Гитлер ба Альберт Спер нар  өөрсдийн “Цэвэр Ари үндэстний Хот”-н төлөвлөгөөндөө Рейхстагийн засварын талаар дурдсан байдаг ч өөр бусад аварга том шинэ барилгын төсөлдөө түлхүү анхаарч байсан гэдэг. Тиймээс Рейхстагийг зүгээр л цэрэг улс төрийн зорилгоор ашиглаж, түүний тавцан дээрээс ард түмэндээ хандан уриалга хийдэг байжээ. Энэ нь уг ордны ашигтай байрлал, илтгэл тавихад тохиромжтой индэр тагттай байсантай нь холбоотой биз.

Харин оросын Улаан арми Берлинийг чөлөөлөх төлөвлөгөөндөө Рейхстагийг онцгойлон авч үзсэн нь цэвэр бэлэгдлийн шинжтэй байсан ажээ. Тэд Рейхстагийг эзлэснийхээ дараагаар өөрсдийн алх хадуурт улаан тугийг орой дээр нь мандуулсныг кино дэлгэцнээс бид бишгүй л хардаг шүү дээ. Дэлхийн II дайн дуусахад агаарын бөмбөгдөлтөд өртсөн Берлин хот, оройгүй үлдсэн Рейхстагийнхаа дэргэд Германчууд гашуудан байлаа.

Дайны дараа шинээр эмхлэн байгуулагдсан герман улс нийслэл хотоо Берлинээс Бонн хотод шилжүүлэв. Балгас болсон Рейхстагийг хэрхэх талаар халуун маргаан удаан үргэлжилсний эцэст дөнгөж 1956 онд түүнийг нураалгүй сэргээн засварлах шийдэлд хүрсэн гэдэг. Рейхстагийн түүхэн дэх гуравдахь удаагийн сонгон шалгаруулалтыг явуулав. Энэ удаад алдарт архитекторч Пол Баумгартен түрүүлж 1961-1964 оны хооронд ордныг сэргээн засварлах ажлыг өөрийн төслөөр удирдан явуулсан юм.

Хүйтэн дайны жилүүдэд Герман улс хоёр хуваагдаж, 1961 оноос Берлиний ханаар тусгаарлагдах боллоо. 1971 онд “Берлиний 4 талт гэрээ”-г байгуулах үед Холбоотны зүгээс (АНУ, Их Британи, Францын холбоо) Берлин хотын эрх зүйн байдлын талаар санал тавьсан боловч Боннд төвтэй Баруун Германий эрх баригчид үүнийг нь хүлээж аваагүй байна. Харин хуучнаар ЗСБНХУ-ын эрхшээлд байдаг Зүүн Германчууд өөрсдийн нутаг дэвсгэр дэхь Берлиний хэсгийг нийслэл хотоо хэмээн зарлажээ. Иймээс сэргээн засварлагдаж өнгө үзэмжээрээ хүний нүдийг гайхуулам болж чадсан ч гэлээ Баруун Германий нутаг дэвсгэрт орших хөөрхий Рейхстагийг түүхийн дурсгалт газар гэдгээс өөр утгаар бараг ашиглалгүй  байсаар 1990 онтой золгосон юм. Хааяа нэг болдог албан ёсны хүлээн авалтуудыг эс тооцвол түүнд зохион байгуулагдсан хамгийн том арга хэмжээ нь 1980 оны 8 сарын 30-нд болсон Британий алдарт рок банд  Барклеу Жеймс Харвестийн тоглолт юм.

1990 оны 10 сарын 3-нд хоёр Герман нэгдсэний албан ёсны сүр жавхлант ёслолын ажиллагаа Рейхстагийн ордонд болж, энэ арга хэмжээнд тухайн үеийн Канцлер асан Гельмут Коль, ерөнхийлөгч асан Ричард фон Вицкер, канцлер асан Вилли Брандт зэрэг олон нөлөө бүхий хүмүүс оролцов.Өргөн хэмжээний ёслолын буудлага, олон дурсамжит үйл явдлуудын маргааш өдөр нь Нэгдсэн Герман улсын парламент Бундестаг хуралдах тухай тунхаг бичгийг мөн ордонд үйлджээ. Залгуулаад улсын нийслэлийг Берлинд шилжүүлэх асуудал дахин сөхөгдлөө. Удтал маргасны эцэст 1991 оны 6 сарын 20-нд ХБНГУ-ын нийслэлийг Берлинд шилжүүлэхээр шийджээ.

Ийнхүү өнө удаан жил хүлээсний эцэст Рейхстаг дахин улсын чухал объект болон хувирав. Түүнд зориулж 4 дэх удаагаа сонгон шалгаруулалт явууллаа. Ордныг шинэчлэн засах ажлыг Норман Фостер удирдах боллоо. Барилгын засварын ажил эхлэхээс өмнө буюу 1995 онд уг ордонд олны хөл тасраагүй нэг арга хэмжээ болсон нь Америкийн зураач Кристо, түүний эхнэр Женни Клауд нарын уран бүтээлийн үзэсгэлэн байв. Үзэсгэлэнг  1950-1960-д оны үед бүтээгдсэн бүтээлийн цуглуулгыг худалдах дуудлага худалдаагаар санхүүжилж байлаа.
1999 онд барилгыг шинэчлэн засах ажил маш амжилттайгаар бүрэн дуусч, тэр жилийнхээ 4 сард Бундестагийн танхим Рейхстагт нүүн оржээ.  Энэ удаагийн сэргээн засварлалт нь барилгын дотор талыг бүхэлд нь шинэчлэн өөрчилсөн юм. Засварын үеэр дотор нь агуулагдаж байсан бүх л зүйлийг байшингаас гаргасан ба тэр ч байтугай  1960-д оны үед алдарт Баумгартений хийсэн бүтээлүүд ч энд өртсөн байна. Ерөнхийдөө гадна хананаас бусад бүх хэсэг өөрчлөгдсөн гэхэд болно. Өнгө үзэмжээ улам бүр нэмсэн уг ордны хамгийн чухал хэсэг нь парламентийн хурлын танхимыг дээрээс нь гэрэлтүүлэх хагам бөмбөрцөг хэлбэрийн  шилэн дээвэр болсон юм. Уран барилгын хосгүй бүтээлүүдийн нэгэнд тооцогдох болсон уг дээвэр нь өдрийн туршид байгалийн гэрлийг байшинд нэвтрүүлж, хавтангуудад нь ойж буусан нарны цацраг дотогш гадагш гялтганан байдаг бөгөөд Рейхстагийн ордны анхны хувилбар болох капола дээвэртэй туйлын төстэй болсон гэлцдэг. Хамгийн сонирхолтой нь  архитекторч Норман Фостерийн барилгыг шинэчлэн засах зураг төсөлд анхандаа  энэ дээвэр нь тусгагдаагүй байсан гэнэ.
Рейхстагийн ордон нь жуулчдад нээлттэй байдаг. Орох тасалбар нь үнэгүй бөгөөд тусгай цахилгаан шатаар дээш өгсөн дээврийн хэсэгт хүрч очдог байна. Эндээс Берлин хотыг эргэн тойрон 3600-т дээрээс тольдон харах боломжтой. Мөн дээврийн дотор тал руу шагайвал Бундестагийн хурлын танхимын нэг хэсэг нь ч бас харагддаг ажээ.  Энд хамгийн хэцүү нэг зүйл нь Рейхстагийг ордныг үзэх гэсэн жуулдын уртаас урт дараалалд зогсох явдал юм. Өөрөөр хэлбэл жаахан тэвчээр л хэрэгтэй гэсэн үг.
Энэ мэтчилэн Рейхстагтай холбоотой зүйлийг тоочоод байвал дуусашгүй урт үргэлжлэх бололтой. Иймээс өчүүхэн хэсгийг нь л уншигч тандаа сонирхууллаа. Ямартай ч Рейхстагийг сурагч хүү, түүний эцэг, нөгөө ангийнхны аль нь ч биш германы ард түмний төлөөлөл болсон Бундестаг л авсан юм байна шүү, хэхэ.

Танд амжилт хүссэн Бадарчин Аялаажавын Товчоо

ӨмнөхТайландын аялал: БАНГКОК + ПАТТАЯ хотуудын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг
ДараахьВьетнамын аялал: ФУ КУОК арлын чөлөөт аялал буюу нислэг + буудал багц (8 өдөр) МИАТ чартер нислэг