www.DZnews.mn – эрхлэгч, сэтгүүлч С.Номинцэцэг
Алтан говийн сэтгүүлчдийн аялах завшаан
Өмнийн говиор овоглосон хэвлэл мэдээллийнхэн бүл нэмж, жил ирэх тутам олуулаа болцгоож байна. Олуулаа болсон бид багагүй ажлыг санаачилж, зах зухаас нь хэрэгжүүлж эхлээд байгаа.
Солонгос орны толь Инчион
“Чингис хаан”-аас МИАТ-ын мөнгөн хөлгөөр хөөрч, Инчионы ОУ-ын нисэх онгоцны буудалд хөл тавьж, аяллын алжаалаа тайлцгаав.
Инчионы ОУ-ын нисэх онгоцны буудал нь дэлхийн том буудлуудын 11-рт жагсдаг бөгөөд үйлчилгээ чанар стандартын 5 одны зэрэглэлтэй. Нийтдээ 74 нислэгийн хаалгатай бөгөөд бас нэгэн гайхамшигт үзүүлэлт нь хамгийн аюул осолгүй буудал гэнэ. Тус буудал 2001 оны 3-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших 11 жилд нэг ч осол аваар гарч байсан түүх байдаггүй юм байна.
Биднийг очих үеэр Инчионы буудалд Солонгос үндэсний хувцасны үзүүлбэр, хийлийн тоглолт гээд хол ойрын аянчин гийчдийг уйдаахааргүй үзэх харах юм ихтэй байлаа. Хүүхнүүд л болсон хойно Солонгос бэлэг дурсгалаас эхлээд дэлхийн брэндийн болон татваргүй барааны дэлгүүрүүдээр хэсэж, таван цагийг зугаатай өнгөрүүлцгээв.
Тайландад очсон анхны сэтгэгдэл
Аяллын багийнхан Кореан Эйрийн онгоц хөлөглөн Бангкокыг зорилоо. Кореан Эйрийн онгоц тохь тухтай бөгөөд үйлчлэгчдийнх нь гоо сайхан бие, царай зүс, хувцаслалт, найрсаг харилцаа, үйлчилгээний соёл аялагчдын сэтгэлд 100% нийцэж байсныг энд тэмдэглүүштэй. Поп, сонгодог, рок хөгжим сонсож, төрөл бүрийн жанрын киноноос сонгон үзэж, тоглоом тоглосоор 5 цаг орчим нисч, Бангкокийн олон улсын нисэх буудал болох Суварнабумд газардлаа.
Таван тивийн өнгө өнгийн арьстан хөлхөлдөх энэхүү буудал үнэхээр том аж. Дэлхийн хамгийн өндөр буюу 132.2 метр нисэх онгоцны буудал бөгөөд томоороо дэлхийд 3-рт бичигддэг гэнэ.
Суварнабумаас гаруут л бүгчим халуун Тайланд орон биднийг угтлаа. Автобусандаа сууж Рамада буудлыг зорив. Халуун орон болоод ч тэрүү хаа сайгүй худалдаа наймаа хийж, хоол зууш бэлтгэсэн хүмүүс дүүрэн ер нь л шөнийн амьдрал буцалсан улс ажээ.
Байёке цамхагаас Бангкок хотыг тольдов
Хөтөлбөрийн дагуу Тайландын хамгийн өндөр цамхагт гарч, оройн зоог барихаар гадагш гартал гудамжаар дүүрэн Тайчууд цагаан будааны гурилыг усанд найруулж, будаг шиг болгоод хүмүүсийн хацарт нааж, түмпэн түмпэнгээр ус цацдаг сонин баяртай бид таарав. Шалба норж, цагаан алаг болсон манайхан уурлах, инээхийг хослуулж, 88 давхар зочид буудал болох Байёке скайд ирэв. Тус барилгын өндөр нь 304 метр бөгөөд зүүн өмнөд Азидаа хамгийн өндөр нь. Харин дэлхийн хэмжээнд бол дөрөв дэх өндөр зочид буудалд тооцогддог юм байна. Нэмж сонирхуулахад энэ зочид буудал нийтдээ 973 өрөөтэй гэнэ.
Бид Байёке скай буудлын 76 давхарт байрлах ресторанд олон үндэстний хоол зооглоод 328 метрийн өндөр, эргэдэг цамхагт гарч, шөнийн Бангкок хотыг тольдон, гайхамшгийг бишрэв. Давхар давхар замаар сүлжилдэх автомашинуудын гэрэл, өндөр өндөр барилгын өнгө өнгийн гэрлүүд Шөнийн Бангкокыг чимнэ.
Энэ дашрамд Тайландын вант улсын талаарх бяцхан мэдээллийг уншигчдадаа хүргэе. Тус улс нь Ази тивийн зүүн өмнөд хэсэгт Энэтхэг Хятадын хойгт оршдог. Хойд талаараа Мьянмар, зүүн хойд талаараа Лаос, зүүн талаараа Камбож, урд талаараа Малайзтай хиллэдэг бөгөөд нийт 514 мянган км2 газар нутагтай. Засаглалын хувьд Парламентын засаглалтай ардчилсан Үндсэн хуульт хаант улс.
Улсынхаа 800 жилийн түүхэнд харийнхны колончлолд өртөж байгаагүй Зүүн Өмнөд Азийн цорын ганц улс гэдгээрээ Тайландчууд ихэд бахархдаг ард түмэн. Манай эрины 650 онд байгуулагдсан хэмжээгүй эрхт хаант засаглалтай тус улс нь Пражадипокын хаанчлалын үе буюу 1932 онд Үндсэн хуульт хаант засаглалд шилжжээ. 1939 онд улсынхаа Сиам гэдэг нэрийг Тайланд болгон өөрчилжээ. Тайчууд хаанаа маш их хүндэтгэдэг ард түмэн. Одоо хаан ширээнд заларч байгаа Бумибол Адюлядэж нь Рама IX хаан юм байна.
Уур амьсгалын хувьд халуун орны бүсэд харьяалагддаг. Урдаас хойшоо сунаж тогтсон уулстай бөгөөд жилийн 3 улиралтай. 3-5-р сар хамгийн халуун улирал. 6-10 сар борооны улирал бөгөөд маш их бороо ордог. 11-2-р сар хамгийн чийгшил багатай таатай улирал. Ер нь агаарын дундаж хэм +30.
Албан ёсны хэл нь Тай хэл. Мөнгөн тэмдэгт нь Тайланд бат(THB). 1 бат 45-50 төгрөгтэй тэнцдэг. Нийтдээ 65 сая орчим хүн амтай бөгөөд нийслэл Бангкок хотод 9,5 сая гаруй хүн оршин суудаг аж. Тайланд улс нь газар нутгаараа дэлхийд 50-рт, хүн амынхаа тоогоор 20-рт жагсдаг. Хүн амынх нь 80 хувь нь Тай, 10 хувь нь Хятад, 3 хувь нь Малай гаралтай. Үлдсэн 7 хувийг мон, кхмер зэрэг жижиг үндэстэн ястнууд бүрүүлдэг. Хүн амын 95 хувь нь Буддын шашин шүтдэг бөгөөд 4 хувь нь Лал, ердөө нэгхэн хувь нь Христийн шашинтай.
Бас нэг онцлог нь дэлхийд хамгийн шим тэжээлтэй будаа, хамгийн амтлаг жимсийг тарьдаг үр жил шим бүхий өргөн уудам нутагтай. Баруун хэсэгтээ цагаан тугалга олборлох үйлдвэр болон загас агнуурын аж ахуйг хөгжүүлжээ.
Барын сүр хүч, зааны өхөөрдөм төрх, матрын залхууг гайхав.
Жуулчдын сонирхлыг татдаг бас нэгэн газар бол Срирача(Sriracha) дахь Барын хүрээлэн(Tiger zoo) юм. Энэ хүрээлэнгийн нэрийг сонсоод зөвхөн бар үзэх юм байна гэсэн сэтгэгдэл төрөв. Гэтэл хаалгаар нь оруут л гөрөөс, сармагчинтай зургаа авахуулж матар, бар, зааны тоглолт үзэх боломжтойг мэдлээ.
Бид эхлээд матрын тоглолт үзэв. Тоглолтын тайзыг үзэгчдийн суудлаас шилээр тусгаарлажээ. Уснаас ялгарахааргүй өнгөтэй матрууд сургагчдынхаа өдөөлтөөр дуртай дургүй гарч ирж, асар том амаа ангайлгана. Жуулчдад бүхэл өдөржин нэг л үзүүлбэрийг давтдаг тул бүр залхсан янзтай, нэг ангайсан амаа хамхидаггүй залхуу амьтан аж. Сургагч залуу, хүүхэн 2 ам руу нь гараа шургуулж, сүүлдээ бүр толгойгоо хийж олныг гайхашруулав. Тэд махчин амьтныг сургаж чаджээ.
Барын тоглолтын тайз битүү тороор хүрээлэгдсэн байв. Бар гэгч сүр хүчийг гайхуулсан, өнгө зүс сайтай сайхан амьтан юм. Тэд бас л бүжиглэж, өндөр сандал дээр цомцойн сууж, галтай цагариг дундуур харайж үзэгчдийг бишрүүлэв.
Хамгийн сүүлд нь зааны тоглолт руу явав. Заан бол Тайландын үндэсний бахархал. Хөгжим дуугармагц талбайд 10-аад заан бие биенийхээ сүүлийг хөтлөлцөн гарч ирэв. Заанууд хошуугаараа сагс тоглож, дартс шидэж, эвлэгхэн аргагүй бүжиглэж, бүр хэвтэж байгаа хүнд хөлөөрөө зөөлөн гэгч нь иллэг хийв. Тэдний гайхамшигт тоглолтыг нь үзэгчид мялааж мөнгө, гадил жимс харамгүй өгч, зургаа авахуулцгаана. Бид заан унаж зургаа татуулав. Мөн барын нялх бамбарыг өвөр дээрээ хэвтүүлэн сүүгээр угжиж зургаа авахуулсан. Энэхүү хүрээлэнд гахайнд барын бамбарууд эрхэлж, хээв нэг хэвтэх эмэгчин барыг тойрон торойнууд тоглосон бас нэгэн сонин содон үзмэр байлаа. Тайландчууд аянчин гийчдийн анхаарлыг татах арга олохдоо гаргууд ард түмэн юм.
Тайландын аялал жуулчлалын төв нь Паттая хот
Паттаяд ирүүт л сэтгүүлч З.Алтайгийн “Үүргэвчтэй аялал”-аар гарч байсан “Lady boy”-ын тоглолт бидний сонирхлыг ихэд татаж байсныг нуух юун. Орой нь Тайланд улсын нэрийн хуудас болж чадсан Хатагтай хөвгүүдийн “Alcazar show” хэмээх кабаре шоу тоглолтыг үзэв. Хөшиг нээгдмэгц тэдний гоо сайхан бие бялдар, загварлаг, өнгөлөг хувцаслалт, тайзны шийдэл, гэрлийн гайхамшгийг бишрэн үзэгчид нэгэн зэрэг дуу алдав. Хатагтай хөвгүүдийн уянгалаг дуу, уян налархай хөдөлгөөн, бүжиглэлт нь үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж чадаж байлаа. Нэг үзүүлбэр 3-5 минут үргэлжлэх бөгөөд гараа бүрт хувцсаа сольж, тайзаа шинэчилж байсан нь Тайландчууд шоу бизнесийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадсаныг илэрхийлж байлаа. Тэдний тоглолт ерөнхийдөө дорнын өнгө аястай хөтөлбөрөөр үргэлжилж, төгсгөлд нь Москвагийн Кремльтэй тайзаар солигдон, орос дуугаар шоугаа өндөрлөсөн юм. Үзэгчдийн суудлын зохион байгуулалтыг үнэхээр төгс шийдсэн нь ажиглагдав. Мэдээж суудлын дугаарлалтай бөгөөд хаана ч суусан тоглолтыг сэтгэл хангалуун үзэж чадах боломжтой байлаа. Шоуны дараа “Lady boy”-ууд гадагш гарч, үзэгчидтэй 20 бат-аар зургаа авахуулдаг уламжлалтай. Тэдэнтэй зургаа авахуулахад загвар өмсөгч, мисстэй хамт байгаа мэт сэтгэгдэл төрж байсан.
Дараа нь Паттая хотын Арбатын гудамж болох Алхдаг гудам (Walking Street)-ээр зугаалж, шөнийн амьдралтай танилцав. Энэ гудамж нь 1км орчим үргэлжлэх бөгөөд үнэхээр чөлөөт бүс аж. Гудамжаар хар, шар, цагаан арьстнууд дүүрэн хөлхөлдөнө. Зарим газар поп хөгжим уянгалж, цаахна нь хард рок тоглож байх жишээтэй. Жуулчид хүйтэн шар айраг, ундаа шимэнгээ Тай, Орос охидуудын эротик бүжгийн үзүүлбэрийг сонирхоно. Хаа сайгүй биеэ үнэлэгч хүүхнүүд эрчүүдийг урхидах ажлаа үргэлжлүүлнэ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд хүмүүс хоорондоо тун эелдэг харьцаж, зүй бус бүдүүлэг зан авир гаргаж байгаа нэг ч хүн ажиглагдаагүй. Бараг нэг алхаад л Тай массажны газар тааралдана. Тай массаж нь хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд хүний биеийн алжаалыг тайлаад зогсохгүй сайхан эмчилгээ болдог гэсэн.
Дэндүү задгай уур амьсгал ноёрхсон энэхүү гудамжаар алхахад сонин содон зүйлтэй алхам тутамдаа таарч, нэг ч хором уйдахааргүй юм билээ.
Паттая хотод орон орны жуулчдын хөл тасардаггүй хэдий ч сүүлийн үед оросууд маш ихээр суурьших болсон гэнэ. Бүр “Добро пожалавать в Паттайе!” гэсэн суваг нээж, орос хэлээр төрөл бүрийн нэвтрүүлэг бэлтгэн Паттаячуудад хүргэдэг болжээ.
Цэлмэг хөх тэнгэр, гүн цэнхэр далай
Жуулчид наран шарлагын жинхэнэ сайхныг мэдэрч, далайн гайхамшигт аялал хийхээр Паттаяг зорьдог гэнэ. Бидний шинэ өдөр Шүрэн арал руу моторт завиар явах аяллаар эхлэв. Тайландын булангийн энэхүү шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон цэнхэр тэнгэр, дал модод, хурц нар бүхий дээд зэрэглэлийн сайхан элстэй газар юм. Бананан завиар зугаалах, далай дээр шүхрээр бууж эр зоригоо шалгах, усны мотоцикл унаж салхи татуулан давхих гээд л хүн бүр өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн үйлчилгээг эндээс авч болдог ажээ. Эсвэл зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж, далайн усанд сэлэн, тайван амарч болно. Далайн эргээр байрлах барааны захаас дун, хясаа, сувдаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс худалдан авахад нээлттэй. Мөн хоолны газарт нь хавч, сам хорхой, загас гээд л далайн гаралтай хоолыг хүссэнээрээ зооглох боломжтой байлаа.
Өрнө дорнын уран барилгын цогц шийдэл Гранд палас
Тайландчуудын түүх соёлын их өв болох алтлаг орой нь наранд гялбасан тансаг хэв загварын барилгуудтай Grand palace буюу Их ордонд ирэв. Ямар ч хүн ордонд орохдоо урт ханцуйтай цамц, урт хормойтой хувцас, эсвэл өмд өмсөж орох ёстой.
Энэхүү ордон нь 1785 онд байгуулагджээ.18-р зуунаас Тайландын эзэн хаадын өргөө байв. Рама Y, Рама YI, Рама YII зэрэг эзэн хаадууд өөрсдийн ордноо байгуулж Их ордноос гарсан түүх байдаг. Харин 1945 онд Рама YIII хаан гадаадаас буцаж ирээд хаант төрийг Их ордонд буцаан авчирч, жилийн дараа таалал төгссөн гэдэг. Түүний ах Рама IX хаан ширээнд залармагц Их ордноос гарч, Читралада ордонд суужээ. Өрнө дорнын уран барилгын өв соёлыг нэг дор үзүүлэх Тайланд хэв шинж, Италийн сэргэн мандалтын үеийн уран барилгын архитектурыг хослуулан барьсан эзэн хааны ордонд хүлээн авалтын, хаан ширээнд залах ёслолын, гадна дотны гийчдийнгээд л төрөл бүрийн ёслолын арга хэмжээний зориулалт бүхий орд харшууд оршдог ажээ. Одоо Их ордонд эзэн хааны гэр бүлийн товчоо, эзэн хааны нарийн бичгийн алба зэрэг байгууллагууд байдаг гэнэ.
Их ордны хашаанд усан оргилуур оргилж, зүйл зүйлийн модод ногоорон, өнгө өнгийн цэцэгс алаглаж, жинхэнэ гайхамшгийг цогцлуулж чаджээ.
Тайландчууд бурханлаг хүмүүс
“Wat Phra Kaew” буюу хаш чулуун Будда бурхны сүм нь Тайландын хамгийн ариун Буддын сүм юм. Тус сүмийн төв дуганад Хаш чулуун будда бурхан байрладаг. Бид ч энэ сүмд гутлаа тайлан орж, хаш чулуун Будда бурханд буян заяагаа даатган сүслэн мөргөв. Хаш чулуун Будда бурхны зургийг авах хориотой байдаг юм байна.
Хаш чулуун Буддаг гүн ногоон өнгөтэй хаш чулуунаас ухаж сийлж урласан, босоо байрлалтай, 66 см өндөртэй. Энэ бурханд зөвхөн эзэн хаан л гар хүрч болох бөгөөд жилд 3 удаа өмсгөлийг нь сольдог гэнэ. Хаш чулуун Будда бурхан зун, өвөл, борооны улирлын алтан хувцастай ажээ.
Дараа нь Бангкокийн Үүрийн туяа гэгддэг Ват Арун (Wat Arun) хэмээх хамгийн өндөр буюу 104м хийдтэй танилцав. Дөрвөн Нүүрт Будда бурхан, дэлхийд хэмжээгээрээ 3-рт ордог хэвтээ амирлангуй дүртэй Будда бурхан зэрэг Монголчууд бидний хувьд сүслэн залбирч, үзэж сонирхууштай түүх соёлын гайхамшигт газруудаар аялсандаа манай багийнхан сэтгэл хангалуун байв. Тайландын сүм хийдийн орчин нь цэвэр цэмцгэр, хүмүүс нь найрсаг, амар тайван жинхэнэ ариун дагшин газар байлаа.
Хийдийг тойрон Бангкок хотын дундуур урсах “Мөрөн голын эзэн” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Phraya) мөрнөөр Тайландын үндэсний урт сүүлт завиар бэсрэг аялал хийж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцав.
Аялангаа дэлгүүр хэсэх сайхан
Тайланд нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан улс. Дэлгүүрүүдэд нь дэлхийн брэндүүдийг эс тооцвол ер нь л үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байдаг аж. Тайландын “Naraya” брэндийн дээд зэргийн хөвөн даавуун эдлэл нь дэлхийд алдартай гэнэ. Мөн матар, сувдан загас, могойн арьсан эдлэлүүд чанар чансаагаа гайхуулдаг. Бас алт, мөнгө, үнэт эдлэлээрээ ч алдартай юм билээ.
Бид Gems gallery, MBK, Royal garden, Robinson, Indra square зэрэг их дэлгүүрүүдээр орцгоосон. Gems gallery үнэт эдлэлийн дэлгүүр нь эзэн хааны гэр бүлийн бизнес гэдгээрээ олонд танигджээ. Дэлгүүрийн хаалгаар ормогц найрсаг хамт олон угтан авч, биднийг хонгил руу оруулан бага оврын галт тэргэнд суулгав. Бид ч айдсын агуй руу оруулчихлаа гэж гайхаж байтал хүмүүс үнэт чулууг хэрхэн олборлож, боловсруулсан үеэс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгох шат дамжлагыг яг л амьд хүмүүс ажиллаж байгаа мэт бодит үзүүлэнгээр Англи хэлээр тайлбарлан үзүүлж, биднийг алмайруулав. Мөн цагаан, шар алт, хар, цагаан мөнгө, үнэт чулуун эдлэлийг урлаж буй уран дархчуудын ажлыг газар дээр нь үзэх боломж олгосны дараа жинхэнэ үнэт эдлэлийн дэлгүүрээр оруулсан юм. Энэ дэлгүүрт алт, мөнгө, үнэт чулуунаас эхлээд далайн хясаа, зааны ясаар урласан эдлэлүүд өргөн сонголттой байдаг юм билээ.
Ямар ч их дэлгүүрээр орсон хүлээлгийн танхим, зоогийн газар, валют арилжааны цэг, банк гээд л хүний хэрэгцээг бүрэн хангасан тавлаг орчныг бүрдүүлж чадсан нь ихэд таалагдсан. Бас үйлчлүүлэгчдээ үнэгүй цай, кофе, ундаагаар дайлдаг дэлгүүр олон байлаа. Хамгийн гоё нь тохилог орчин, хямд үнэ, өргөн сонголт, найрсаг үйлчилгээ…
Мөн Японы “Elewen7” хүнсний сүлжээ дэлгүүрүүд хаа сайгүй тархсан байдаг юм билээ. Энд хүнсний бүтээгдэхүүний сонголт арвин, үнэ нь тун боломжийн байв.
Дэлхийн №1 усан парк “Siam”
Тайландад Гиннесийн амжилтыг тогтоосон дэлхийн хамгийн том усан парк байдаг. “Siam” паркаар зугаалах аз бидэнд тохиосон нь үнэхээр гайхалтай завшаан. Парк гэхээр зөвхөн хүүхдүүдийн л мөрөөдлийн хүрээлэн гэсэн сэтгэгдэл төрдөг. Харин “Siam” бол томчууд ч хангалттай зугаацаж хөгжилдөх арвин баялаг үзмэр, тоглоомтой парк юм. Энэ паркад ирснээр өндөрт орших арслангийн амнаас завиар буухаас эхлээд, усан дээрх төрөл бүрийн тоглоомоор наадаж болно. Мөн дэлхийн паркуудын нэгэн адил галзуу хулгана, алсыг харагч, өндрөөс унагч, хөөрдөг онгоц гээд бүхий л тоглоомон дээр хүссэнээрээ тоглох боломжтой. Мөн үлэг гүрвэлийн ертөнцөөр аялаж, айдсын агуйд зориг зүрхээ шалгаж болно. Бид энэ парк дээр бүтэн өдөржин тоглож, сэтгэл хангалуун өнжсөн юм.
“Гурван S”аяллаас төрсөн сэтгэгдэл
“Smile Land” буюу инээмсэглэсэн хүмүүсийн эх орон гэдгээрээ Тайланд дэлхийд алдаршжээ. Тайчууд маш элэгсэг, энэрэнгүй, бурханлаг хүмүүс юм. Үүний нэг жишээ гэвэл “Хатагтай хөвгүүд”-ийг хэзээ ч ялгаварлан гадуурхдаггүй. Тэднийг зөвхөн шоу, зугаа цэнгэл хөөцөлддөг гэвэл өрөөсгөл ойлголт болно. “Хатагтай хөвгүүд” дэлгүүр, ресторанд ажиллаж байгаатай бид цөөнгүй тааралдсан. Тэд нийгэмд чөлөөтэй ажиллаж, амьдрах эрхээр хангагдаж чаджээ. Тайланд нь хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг улс болох нь эндээс харагддаг.
Тайланд нь ундны усны нөөцгүй орон учраас гадаадаас импортлон авдаг гэсэн. Гэвч усыг дахин боловсруулах, цэвэршүүлэх үйлдвэрийг хөгжүүлж чадсан. Дахин боловсруулсан усаар зөвхөн ахуйн хэрэглээгээ хангадаг. Зочид буудалд л гэхэд ам угаах усыг тусад нь савлаж тавьсан байдаг юм билээ.
Бангкок хотын замын хөдөлгөөнд түгжрэл гацаа огт ажиглагдсангүй. Энэ нь давхар зам, явган зорчигчдын нүхэн гарц, гүүр зэргийг хангалттай шийдэж чадсантай холбоотой. Бас нэгэн сонин шийдэл нь нэг өдөр тэгш, нөгөө өдөр нь сондгой тоогоор төгссөн улсын дугаар бүхий автомашинуудыг замын хөдөлгөөнд оруулж ачааллыг багасгадаг гэнэ. Тайландын гудамжинд нэг ч том жийп тааралдсангүй. Үүнийг сонирхоход нефтийн нөөцгүй орон учраас төрийн бодлогоор хөдөлгүүрийн багтаамж багатай суудлын тэрэгнүүдийг замын хөдөлгөөнд оруулдаг болжээ. Жийп авахад асар өндөр татвар ноогдуулдаг юм байна.
Холын Америкаас эхлээд, хөгшин Европ, халуун цуст Латин америкчууд, Арабууд, Азиуд, Африкийн харууд гээд л таван тивийн хүн бужигнасан газар гэхэд хэрүүл зодоон, хулгай зэлгий огт ажиглагдсангүй. Цагдаа нар ч ховорхон тааралдаж байсан. Тайланд улс амар амгалан, ардчилсан чөлөөт нийгмийг цогцлоож чадсантай холбоотой байх. Мөн Тайчуудын архи уудаггүй сайхан чанар нөлөөлдөг биз. Ер нь Тайчууд хуулийг ягштал биелүүлдэг ард түмэн гэнэ лээ.
Тайланд орноор 7 хоног ийнхүү аялахдаа ертөнцийн түм буман сонин хачны нэгээхэн хэсэгтэй танилцаж, үүх түүх, урлаг соёлын их өв, хөгжил дэвшлийн гайхамшгийг мэдэрч, аяны богц дүүрэн, сэтгэл хангалуун эх нутагтаа газардав.
Нартай, элстэй, инээмсэглэлтэй Тайланд бол үнэхээр S орон байлаа.