Тайландын газар нутгаас олдсон Чулуун зэвсгийн үеийн хамгийн эртний хүний олдвор бол Лампан мужаас олдсон эртний хүн буюу 500,000 мянган жилийн өмнө амьдарч байсан Хомо эрэктусын чулуужсан үлдэгдэл олдвор юм. Зүүн-Өмнөд Азийн бусад газар нутагтай адил одоогоос 40,000 жилийн өмнө Тайландын нутагт хүн амьдран суудаг байсан ул мөр олддог. Нутгийн хойд захад орших Там Лод Агуй (Загаст Агуй) –аас чулуун зэвсгийн үеийн олдворууд болон эртний хүний яс үлдэгдэл олдсон. Шинэ Чулуун зэвсгийн үеийн архилогийн олдворууд Тайландын баруун хойд хэсгийн уулархаг нутгийн уулсын агуйнуудаас олноороо олддог.
Одоогоос ойролцоогоор 3000 жилийн өмнөх Хүрэл зэвсгийн үеийн олдворууд мөн олддог. Модон болон шавар ваар эдлэлүүд гэм мэт.
Тай хүмүүс баруун-өмнөд Хятадын нутаг, одоогийн Юннанаас 10-р зууны үед Энэтхэг-Хятадын хойг руу нүүдэллэсэн суурьшсан хүмүүс ажээ. Үүнээс өмнө энэ газарт олон янзын өөр овог аймгууд амьдардаг байжээ. Сиам хүмүүс (Тайланд хүмүүс) –ийн тухай бичсэн хамгийн эртний эх сурвалж бол Камбодж улсын Ангкор Ват сүмийн чулуун дээрх 12-р зууны “сиам” буюу бор хүмүүсийн тухай бичээс юм. Португаличууд анх удаа Сиам улсын тухай барууныханд 15-р зуунд танилцуулсан.
Тайландын төрт улс үүссэн цагаас 4 үе шатанд хувааж үздэг.
Сухотайн үе (1238-1378)
1238 онд Сухотай хэмээх Тайландын хамгийн анхны төрт улс байгуулагдсан. 200 жилийн турш оршин тогтносон. 13-р зууны үед Тайчуудын хаант улсын хүчин чадал аажмаар өсөж Хмэр, Мон зэрэг улсуудаас хараат байхаа больж байр сууриа бүс нутагтаа баттай бэхжүүлсэн байна. Хувилай хааны үед Юань гүрэнтэй харилцаа холбоо тогтоож шаазан эдлэлийн худалдаа наймаа хийж байсан баримт байдаг. Cухотайн үеийг Тайландын түүхэнд алтан үе гэж тэмдэглэсэн байдаг. Энэ үед Рамкамханг хааны удмын алдартай цэцэн билэг хаад улс орноо захирч байлаа. Гэсэн хэдий ч 1350 онд хүчирхэг Аюттая улс өөрийн нөлөөллөө Сухотайн улсад үзүүлж эхэлжээ. Сухотай гэдэг нь санскрит хэлний “баяр баясгалан” гэсэн утгатай үг.
Аюттаягийн үе (1350-1767)
Аюттаягийн улс бүр анхнаасаа л Кхэр улсын соёлын нөлөөг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Эрх мэдэл, газар нутгаа өргөтгөхийг хүссэн хаад ойр орчмын Тайванлигуудтайгаа ширүүн тэмцэл хийсэн ч энэ нь хөршүүдэд нь тийм ч тааламжтай санагдаагүй юм. 1767 онд хөрш улс болох Вирмчүүд Аюттая улсыг эзлэн авчээ. Гэвч тэд тайчуудыг тийм ч удаан эрхшээлдээ хянаж чадсангүй. 7 сарын дараа залуухан генерал Пя Таксин өөрийн цэргүүдийнхээ хүчээр Вирмчүүдийг хөөн зайлуулж чаджээ. Аюттаягийн үед барууны орнуудтай худалдаа болон улс төрийн харилцаа тогтоож байсан.
Тон Буригийн үе (1767-1772)
Залуу генерал засаг төрийн мэдлийг гартаа авсны дараах эхний алхам нь их хэмжээний худалдаа наймаа хийх, цэргийн хүчээ бэхжүүлэх, дахин довтлохоор байнга заналхийлж байгаа Вирмчүүдийг эсэргүүцэх давуу тал бүхий газарзүйн байрлал олж авахын тулд улсынхаа нийслэлийг Энэтхэгийн далайн эрэг рүү шилжүүлэх тушаал өгчээ. Шинэ нийслэлээ Чао Прая мөрний баруун эрэгт Тон Бури хэмээх газарт байгуулсан залуу удирдагч тийм ч амар жимэр суусангүй. Тэртээ Аюттаягийн үеэс задран бутарч эхэлсэн тайчуудыг дахин нэгтгэхийн тулд багагүй хугацааг зарцуулсан юм.
Раттанаксиний үе (1782-оос хойш үе)
1782-1809 он хүртэл Таксиний орыг залгамжилсан генерал Чакри буюу Рама I нь Чакри хэмээх шинэ эзэнт улсыг байгуулжээ. Рама I нь эхний шийдвэрээрээ мөн л улсынхаа нийслэлийг Тон Буригаас Бангкок руу шилжүүлэхийг тушааж хааны Их Ордонг байгуулжээ. Түүний хүү Рама II нь 1809-1824 он хүртэл хаан ширээнд суусан бол Рама III буюу Нанг Клао нь 1824-1851 оныг хүртэл улсаа удирдахдаа Хятад болон барууны улс гүрнүүдтэй хийх худалдаа наймаагаа сайжруулж, улс төрийн харилцааг сэргээн тогтоожээ. Монгкут хаан буюу Рама IV нь 1851-1868 онуудад улсаа удирдаж байх үед барууны их колончлол Ази даяар шуурга адил өрнөж байжээ. Ухаалаг хааны мэргэн дипломат бодлогоор Зүүн Өмнөд Азийн улс орнуудаас ганцаараа Тайланд нь колончлогчдийн хөлд сүйдээгүй үлдсэнээр барахгүй орчин үеийн Тайланд орны эх үндэс энэ үед тавигдсан байна. Тэрбээр олон тооны нийгмийн реформ шинэчлэлүүдийг хийсэн хэмээн үнэлэгддэг ажээ. Чулалонгкорн хаан буюу Рама V нь эцгийнхээ эхлүүлсэн үйл хэргийг залгамжлан авч шинэчлэл өөрчлөлтийг үргэлжлүүлэн боолчлолыг халж, иргэдийнхээ эрүүл мэндийг тогтолцоог сайжруулж засаг захиргааны тогтолцоог өөрчлөн шинэчилж чаджээ. Албан журмаар боловсрол эзэмшүүлэх гэх мэтийн улс орны боловсролын тогтолцоог бий болгох их ажлыг Рама VI буюу Важиравид (1910-1925) нь хийсэн бол Пражадипокын хаанчлалын (1925-1935) үед Тайланд улс хэмжээгүй эрхт хаант засаглалаас Үндсэн хуульт хаант засаглалд шилжжээ. Хаан өөрийн эрхээ түүний ач хүү болох Ананд Махидолд 1933 онд шилжүүлсэн байна. Тэрээр 1939 онд улсынхаа Сиам гэдэг нэрийг өөрчлөн Тайланд болгожээ. Бумипол Адульядей буюу Рама 9 нь дэлхийн түүхэнд хамгийн удаан төрийн эрхийг барьсан хүн. 1946 оны 6 сарын 09 –өөс нас барах хүртлээ 70 жил шахуу. 2 дугаар байрыг Английн хатан хаан Elizabeth II 60 жил төрийн эрхийг барьснаар удаалдаг. Рама 10 буюу одоогийн эзэн хаан нь улсын тэргүүн, зэвсэгт хүчний тэргүүн, буддын шашны тэргүүн. 1932 онд хэмжээгүй эрхт хаант засаглалыг халж Үндсэн хуульт вант улс болсноос хойш Yндсэн хуулиа хэд хэдэн удаа өөрчилсөн аж. Үүнийг дагаад тухай бүрт нь сонгуулийн тогтолцоо нь мөн өөрчлөгдөж иржээ. Одоогийн Сонгуулийн хууль нь 1997 онд баталсан Тайландын 17 дахь буюу хамгийн ардчилсан гэгдэх Yндсэн хуулийнх нь дагуу боловсруулагдсан байна.
Түүхэндээ ганц удаа эзлэгдэж байгаагүй улс
Тайланд Улс түүхэндээ ганц удаа ч эзлэгдэж байгаагүй гэнэ. XVI зууны үеэс Европтой холбоо харилцаа тогтоож эхэлсэн. Гэвч Их Британи Бирмд хяналтаа тогтоосон бүс нутгийн өрнөд хэсэг, Франц улс Индонезийг эрхшээлдээ оруулсан дорнод хэсгийн хоорондох бамбай улсын хувьд тусгаар тогтнолоо хадгалан үлдэж чадсан Өмнөд Азийн цорын ганц орон юм. Тайланд улс түүхэндээ нутгийнхаа өмнө зүгийн ердөө гурван мужийг л бусдад өгөхөөс өөр аргагүйд хүрч байжээ. Хожим Малайзын хойт гурван муж болжээ. Тайчууд улс орон нь хэзээ ч колоничлогдож байгаагүй гэдгээрээ ихэд бахархдаг.
Тай хүмүүс хаанаа маш их хүндэтгэж үздэг
Тай хүмүүс хаанаа маш их хүндэтгэн үздэг ард түмэн гэгддэг. Учир нь ямар ч байгууллагаар орсон хааных нь зураг өлгөөтэй байдаг аж. Тиймээс хаанаа хүндэтгэн даваа гараг бүрт иргэд нь шар өнгийн хувцас өмсдөг байна. Өнөөгийн төрийн удирдлагыг барьж байгаа хаан нь шар өнгөнд дуртай болохоор Хаант засаглалын бэлгэ тэмдэг болгож ийнхүү шар өнгийн хувцсаар даваа гарагийн тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна.